Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна

2 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороонд хуваарилсан талаар танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц нар Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлснийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, мөн Засгийн газраас 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороонд, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд, Төрийн нууцын жагсаалт батлах тухай болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд, 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд тус тус хуваарилсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг мөн өдөр өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд хуваарилжээ.
Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу Засгийн газраас ирүүлсэн хуулийн төслийг татан авах тухай албан бичгийг уншиж танилцууллаа. Албан бичигт, 2025 оны тавдугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүд болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг татан авч байгаагаа мэдэгдсэн байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулсан тул эдгээр хуулийн төслүүдийг татан авсанд тооцлоо.
Засгийн газраас сарын 19-ний өдөр Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ. Иймд тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэх, эсэх асуудлыг шийдвэрлэв.
Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрх Дорнодод үүссэн эмх замбараагүй байдал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний хүрэлцээ, хангамжтай холбоотойгоор манай улсад нефть бүтээгдэхүүний үнэ ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй нөхцөл үүссэнийг онцолж, автобензиний гаалийн албан татварын хувь хэмжээг Улсын Их Хурлаас тогтоосон хязгаарт багтаан тогтоох эрхийг Засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан зохицуулалт хийх боломжийг бүрдүүлэхэд энэ тогтоол ихээхэн ач холбогдолтойг дурдав.
Тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 112 гишүүний 64 буюу 57.1 хувь нь дэмжлээ. Иймд тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхэд бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг дараа нь хэлэлцлээ. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар танилцуулав.
Тус заалтад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх.”-ыг хориглохоор заасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж Монгол Улсын иргэн Б.Баярмагнай үзжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд дээрх заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй буюу эдгээр заалттай нийцсэн гэж дүгнэсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлттэй холбогдуулан Улсын их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Х.Булгантуяа, П.Наранбаяр, Д.Ганбат, Ж.Алдаржавхлан, Ц.Туваан нар асуулт асууж, цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироос тодорхой хариулт авлаа.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх суудал авсан МАН-аас Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 2026 оны гуравдугаар сарын 29-ний өдөр ирүүлснийг дурдаж, түүний товч намтрыг уншиж сонсголоо. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2010 онд оноос хойш сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, улс төрийн болон төрийн хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлага мэдлэгтэй бөгөөд төрийн удирдах албан тушаалд ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оруулж буй дээрх саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, мөн үг хэлж эхэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Пүрэвдорж, О.Номинчимэг, Д.Энхтүвшин, С.Зулпхар, С.Эрдэнэболд нар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх, гүйцэтгэх засаглал, төрийн албаны тогтвортой байдлыг хэрхэн хангах, олон улсын улс төр, эдийн засгийн ээдрээ түвэгтэй нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авах, гадаад худалдааны тэнцвэрийг хэрхэн хангаж, нэн шаардлагатай импортын бараа, бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй байх, үндэсний валютын ханшийн уналтыг хэрхэн тогтоон барих, төрийн өмчийн менежментийг хэрхэн сайжруулж, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, мөн төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртал, авлигыг таслан зогсоох, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бизнес, зах зээлийн орчныг эрүүлжүүлэх, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн хэвшлийн нэмүү өртгийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг олон зүйлийг асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас хариулт авлаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн хангах, ган, зэс хайлуулах, нефть боловсруулах зэрэг аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтууд хэзээ ашиглалтад орох, “Чөлөөлье” санаачилгаа үргэлжлүүлэх, эсэхийг асууж, Засгийн газрын гишүүдийг томилохдоо холбогдох хууль, тогтоомжийг баримталж, тэр дундаа жендерийн тэгш байдлыг хангах, нэр хүнд, ёс зүйн болон бусад шаргуур шаардлагыг хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг сайтар харгалзан үзэх, улс төрийн дарамт шахалтанд орохгүй ажиллах, эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих, үнэний бөгөөд шударга ёсны зарчим, хуульд захирагдаж манлайлалтай, иргэдийн мэдэх эрхийг хангаж нээлттэй, ил тод, мөн аливаад үндэслэл тооцоотой, судалгаатай хандаж, алсыг харж тэмүүлэлтэй ажиллахыг захиж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тус бүлгээс тавьсан шаардлагыг хүлээн авч байгаад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Н.Учралд талархал илэрхийлээд, Монгол улс өнөөдөр дотооддоо авлига хээл хахуульд живсэн, гадааддаа геополитикын эгзэгтэй нөхцөл байдалтай нүүр тулж буй бөгөөд энэ талаар ямар бодлого, байр суурь баримталж ажиллах нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилохтой холбоотой учир энэ талаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, нэг хоногийн завсарлага хүсэв.
Засгийн газрыг яаралтай бүрдүүлж ажилд нь оруулах, төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах шаардлагатайг харгалзан Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт нэг цагийн завсарлага өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
“Шагайн уухай” уртын дуу дуулаачдын улсын анхдугаар уралдааны шилдгүүд тодорчээ
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
“Шагайн уухай” уртын дуу дуулаачдын улсын анхдугаар уралдааны шилдгүүд тодорчээ
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
“Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриалгыг дэвшүүлж байна
НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Нийт нутгаар хуурайшилт ихтэй байна
Далайд гарцгүй орнуудын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” болж байна
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд 60 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он