Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026/06/17

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.

Тахилгын ёслолын өмнөх орой аймгийн хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа. Дараа нь туульч “Аргиль цагаан өвгөн” тууль хайллаа.

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

Тахилгын өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Монголчууд эцэг тэнгэр, эх дэлхийгээ хүндлэн дээдэлж, уул ус, ургамал амьтдыг нь хайрлан хамгаалж, эзэн шүтээнд нь сүслэн залбирч, уул овоогоо тахиж ирсэн эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Мянга мянган жилийн түүхтэй уул овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой их ёслол юм.

Цаст цагаан Этүгэн уул, оройн чимэг Отгонтэнгэр хайрхан нь Хүннү гүрний үеэс тайж тахиж ирсэн Монгол түмний их шүтээн уул билээ.

Өнө эртний тахилгат Отгонтэнгэр уулын цадиг түүх бол эх байгалиа хамгаалах төрийн бодлого, хууль цааз хийгээд төр, шашны ёслол, байгалиа шүтэн дээдэлдэг ардын ухаан, уламжлалт соёл, зан заншлын цогц илэрхийлэл юм.

Ард иргэдийнхээ ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, байгаль хамгаалах үзэл санааг хүндэтгэн дээдэлж, Отгонтэнгэр хайрхны тахилгын шүтээн цогцолборыг шинэчлэн байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж буй энэ цаг үед байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны хомсдол, гамшигт үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтээрээ анхаарч байна.

ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэж, энэ төрлийн судалгааг үе шаттай хэвлэн нийтэлж, түгээн дэлгэрүүлж байгааг тэмдэглэн хэлье.

Хүн, байгаль  хоёр хүйн холбоотойг танин мэдсэн монголчууд бидний өвөг дээдэс уул, усаа тахин шүтэх уламжлалт зан үйлээрээ дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн үнэт өв соёлд төр онцгой анхаарч ирсэн түүхтэй.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлээ судлан шинжлэх үүднээс төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул усны онцлогийг нь тодруулан судалж, ард олноо сурталчлан таниулж эхэллээ.

Эх дэлхий, эко системийг хамгаалах, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургыг сааруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд  идэвхтэй оролцож байгаа ард иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.

Мөн Отгонтэнгэр хайрхны Очирваань шүтээн, Хөх-Энгэр, Баянзүрх, Цэцэрлэг, Бадархундага, Баянбулаг, Бахдалт Цагаан, Хөх, Хар нуур монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлж, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Б.Зоригоо нар Хангайн магтаал хайлав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Отгонтэнгэр хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Завхан аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Г.Өнөрбаярт гардуулж өглөө.

Үүний дараа Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тахилгын ёслолд унших номын утга агуулгын талаар сүсэгтэн олонд товч тайлбарлалаа.

Лам хуврагууд Буман цагаан судар, Отгонтэнгэр хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншиж мандал өргөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын даян мэргэн Баасанхүүгийн Ёндонд хүлээлгэн өгч, Завхан аймгийн Улиастай сумын аварга малчин Шуурайн Бат-Эрдэнийн адуун сүргээс сонгосон бор азаргыг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Отгонтэнгэр хайрхан уулыг  Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлигаар төрийн тахилгатай болгож, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онд тахисан.

Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4,021 метрт өргөгдсөн бөгөөд 3,752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилийн доохон талд Ар, Өвөр Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуур байдаг.

30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамалтай.

Отгонтэнгэр гэдэг нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг гэж үздэг.

Монголчууд хайрхнаа эртнээс нааш “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай,  идээний дээжээ өргөж ирсэн юм.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он