Сэтгэгдэл 0
Крис Адамсын захидал Оюутолгойн лицензийн наймаа хилийн цаана хэдийнэ эхэлсэн гэдгийг харуулав

Ингэж үзэх мэдээллүүд хэд хоногийн өмнөөс хөвөрлөө. Учир нь Оюутолгойн нийт баялгийн гуравны нэг нь Канадын “Онтрэ ресурс” компанийн мэдэлд байдаг. Тус компани Оюутолгойн тусгай зөвшөөрлийн талбайтай хил залгаа алт, зэс, мөнгө, молибдений асар их баялаг бүхий Жавхлант, Шивээ толгой ордуудыг эзэмшдэг. Иймээс стратегийн ордын жагсаалтын тэргүүнд бичигддэг Оюутолгойн ордын салшгүй нэг хэсэг юм.
Тэгвэл энэ ордуудыг “Оюутолгой” ХХК буюу хөрөнгө оруулагч “Рио тинто”-гийн талд шилжүүлэхэд бэлэн болсон гэдгийг “Онтрэ ресурс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Крис Адамс хөрөнгө оруулагчиддаа нээлттэй ил захидлаараа илэрхийлжээ. Харин монголчууд энэхүү мэдээллийг Монголын төрийн албан тушаалтнуудаас бус гаднын эх сурвалжуудаас авсан нь хардлага дагуулав.
Крис Адамс ил захидалдаа, “Онтрэ” компанийн амжилтад чухал ач холбогдолтой асуудлын нэг нь уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг “Оюу толгой ХХК”-д шилжүүлэх үйл явц. Бид хамтарсан үйлдвэрийн түнш болон өөр өөрсдийн зөвлөхүүдтэйгээ хамт Монгол Улсын Засгийн газартай энэ асуудлаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Зургаадугаар сард хамтарсан үйлдвэрийн түншүүд тусгай зөвшөөрлүүдийн үнэлгээний тооцооллыг шинэчилж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл шилжүүлсний татварыг Монголын татварын байгууллагад төлсөн. Одоо талууд татварын байгууллагатай үргэлжлүүлэн ажиллаж, тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгүүлэхийн тулд Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газарт өгөх шаардлагатай татвар төлсөн тухай гэрчилгээг авахаар ажиллаж байна” гэж 2026 оны есдүгээр сарын 28-нд мэдэгджээ.

Монголын Татварын ерөнхий газар өчигдөр "Онтрэ" эзэмшлийн 2 лицензээ “Оюутолгой” ХХК-д шилжүүлэх хүсэлтээ Крис Адамсын захидалд дурдсанчлан өнгөрсөн зургаадугаар сард ирүүлсэн гэдгийг баталгаажуулаа. Татварын албанаас Онтрэ" ХХК-ас энэхүү хүсэлтийн хамт шилжүүлсэн 24.3 тэрбум төгрөгийн төлбөрийг баталгаажуулаагүй. Одоогоор татвараа үнэн зөв төлсөн гэдэг тодорхойлолт олгоогүй байгаа аж. Татварын албаны энэхүү тодорхойлолт албажиж, Ашигт малтмал, газрын тосны газарт очсоноор лизенз шилжүүлэх үйл явц өрнөх журамтай.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын сайдын нарын зүгээс “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч “Рио тинто”-той хийж буй хэлэлцээрийн хүрээнд "Онтрэ" эзэмшлийн 2 лицензийг УИХ-ын зөвшөөрөлгүй шилжүүлэх асуудал огт яригдахгүй гэх мэдээлэл өгсөөр ирсэн. Монгол Улсын Засгийн газрын хувьд тус ордоос 34 хувийг эзэмших, эсвэл АМНАТ-ийг өндөр тогтоож ахиу ашиг авах гэсэн хоёр сонголтын зөв хувилбарыг УИХ-д оруулж танилцуулах үүрэг хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “Онтрэ”-н лицензийг шилжүүлэх үйл явцыг Үндсэн хуулийн дагуу УИХ-ын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ажиллаж, олон нийтэд ил тод хэлэлцүүлэх үүрэгтэй. Гэтэл энд нэг алдаа гарсан нь “Онтрэ”-гийн лицензийг шилжүүлэх арилжааны хэлцэл хөшигний ард, тэр дундаа хилийн цаана хэнийнэ эхэлсэн гэдгийг Крис Адамсын захидал харуулав.

Түүх сөхөхөд, Шивээ толгой, Жавхлант нэртэй MV-015226, MV-015225 дугаартай ашиг малтмалын тусгай зөвшөөрлийг анх 2001 онд “Монгол газар” ХХК-д олгосон байдаг. Улмаар “Монгол газар” ХХК-ийн эзэн Ц.Мянганбаяр дээрх лицензүүдийг канадуудад 10.5 сая ам.доллароор зарсан нь одоогийн “Онтрэ ресурс” компанид очсон түүхтэй. Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Оюутолгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24, алтны 42, мөнгөний 29, молибденийн металлын 94 хувь нь агуулагдаж буйг мэргэжлийн байгууллагууд тогтоосон байдаг.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.