Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна

2025/05/01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба монгол уран дархны урлаг”, “Монгол уран дархны соёлын үнэ цэнэ, ач холбогдол”, “Монгол уран дархчуудын өмнө тулгамдаж буй асуудал,  шийдвэрлэх арга зам”, “Монгол дархны тогтвортой хөгжил ба эрх зүйн асуудал”, “Монгол уран дархан ба санхүүгийн зах зээл”, “Монгол уран дархны түүхий эдийн хангамжийн зохицуулалт” сэдвийг хэлэлцэх юм.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэр бээр,  уран дархан, өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчдийн үйл хэрэг бол манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын амин чухал дархлаа, өв соёлын үнэт зүйл болж ирснийг тэмдэглэв.

Цаашид монгол дархан, урлаачдын бүтээлийг түүх, угсаатны зүй, соёл, иргэншилтэй уялдуулан судалж, олон мянган жилийн дахин давтагдашгүй өнгө төрхийг нь сурталчлан таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт уран дархчууд аа,

Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчид ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархны уламжлал, шинэчлэл” Үндэсний анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Та бид өнөөдөр өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол өв соёл, монгол дархны урлагийн хөгжил дэвшил, салбарын өмнө тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэн ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлохоор Төрийн ордондоо хуран цуглаад байна.

Аливаа улсын төрт ёсны түүхэн уламжлал, ард түмний ахуй амьдрал, өв соёл, хөгжил дэвшлийн замнал уран дархны урлагтай салшгүй холбоотой байдаг.

Монгол айл гэрийн тулганаас эхлээд аргамаг хурдан хүлгийн эмээл, хазаар, өндөр төрийн тамга хүртэл бүгд уран дархан, урлаачдын ур ухаанаар бүтээгдэж, мянга мянган жил уламжлагдан ирсэн түүхтэй билээ.

Ийнхүү монгол дархан, урлаачдын оюун ухаан, торгон мэдрэмж, гарын ур шингэсэн бүтээл бүхэн Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн түүхэн үйл явдлыг тодотгон харуулах эх сурвалж, бусдаас ялгарах үнэт зүйл болдог.

Тиймээс хүндэт уран дархан, өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Та бүхний үйл хэрэг бол манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын амин чухал дархлаа, өв соёлын үнэт зүйл болж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Манай ард түмэн “Дархан хүн бурхан ухаантай” хэмээн хэлдэг билээ.

Өөрөөр хэлбэл, манай дархчууд, үндэсний урлаачид Та бүхэн монгол дархны ур ухаан, торгон мэдрэмж шаардсан гайхамшигт бүтээл бүтээхийн зэрэгцээ аливаа юмны учир зүй, эе эв, арга билгийг уялдуулж чаддаг хосгүй авьяастан, бурхнаас заяагдсан билиг ухаантан билээ.

Монгол дархан, урлаачдын дахин давтагдашгүй, хосгүй гайхамшигт бүтээлүүд нь он цагийн туршид төгөлдөршин хөгжиж, төрт ёсны сүр хүч, түүх, соёлын өв уламжлалаар улам баяжин өргөжиж ирснийг археологийн олдвор, түүхийн эх сурвалжууд тод харуулдаг юм.

Манай эртний бүтээлүүдийн ур хийц, агуулга, зохиомж, шийдэл нь өнөө цагт ч гэсэн хүн төрөлхтний өв соёлын гайхамшигт бүтээл болон үнэлэгдэж байна.

Эрт дээр үеэс монгол төр хүчирхэгжин мандаж, дэлхий ертөнцөд “Монгол” хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, монгол урлаачид онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.

Архангай аймгийн нутагт орших Гол модны дурсгалт газар болон  Төв аймгийн Ноён уул дахь хүннүгийн булшнаас олдсон эмээлийн хударга, хөмөлдрөг дээр хүннүгийн үеийн шүтээн “Бэлгэт гөрөөс” буюу үлгэр домгийн амьтан “Ганц эвэрт”-ийг мөнгөөр хөөмөлдөн, алтаар шарж, уран гоёмсгоор дүрслэн бүтээсэн нь тухайн үеийн монгол дархны урлалын хөгжлийг тод илэрхийлдэг юм.

Мөн дэлхийн томоохон музей Эрмитажид хадгалагдаж буй Алтан ордны дурсгалаас олдсон “Бүсний мөнгөн чимэг” нь эртний монгол дархны ур чадварыг өнөө үед ч дэлхий дахинд сурталчлан таниулсаар байна.

Түүнчлэн монголчууд VII зууны үед өндөр газрын онь хөтөл дээр зуух байрлуулж, салхины хүчийг ашиглан бух дарах аргаар төмрийн хүдэр хайлуулж, төмөр гарган авч зэр, зэвсэг хийж байсан нь тухайн үеийн төмрийн үйлдвэрлэлийн эхлэл болж байсан түүхтэй.

Үүний зэрэгцээ монгол дархан, урлаачид өөрийн гэсэн өвөрмөц хэв загвар, хэлбэр хэмжээ, өнгө төрхийг хөгжүүлж ирсэн нь Ноён сэврээ, Дарьганга, Хүрээ зэрэг дахин давтагдашгүй хэлбэр хийц, загвараас тод харагддаг.

Энэ жил Монголын хосгүй суут хүмүүн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний түүхт 390 жилийн ой тохиож байна.

Өндөр Гэгээний дахин давтагдашгүй, уран тансаг бүтээлүүдийг Санкт-Петербургийн “Эрмитаж”, Парисын “Лувар” зэрэг музейд 2006 онд дэлгэн толилуулсан байдаг.

Дээрх үзэсгэлэнгүүдийн тухай Парисын “Ле Монде” сонин тэргүүн нүүрэндээ ”Аугаа Занабазар” гэсэн гарчигтай нийтлэл оруулсан нь Өндөр гэгээнийг барууны сонгодгууд болох Леонердо да Винчигээс эхлээд дэлхийн бусад алдартантай эн зэрэгцэх аугаа суут гоц авьяастан байсныг тодотгон харуулсан хэрэг байлаа.

Эрхэм хүндэт уран дархчууд, урлаачид аа,

Уран дархан, урлаачдын бүтээл бол аливаа ард түмний ахуй амьдрал, бэлгэдэл, соёл иргэншил, зан заншил, шашин шүтлэг зэрэг нийгмийн үнэт зүйлсийг нэг дор хураан цогцлоодог, дахин давтагдашгүй урлаг соёлын хосгүй өв юм.

Тийм учраас монгол дархан, урлаачдын бүтээлийг монголын түүх, угсаатны зүй, соёл иргэншилтэй уялдуулан судалж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх учиртай.

Ялангуяа, монгол дархан, урлаачдын олон мянган жилийн хөгжлийн замнал, ололт амжилт, дахин давтагдашгүй өнгө төрхийг дэлхий дахинд сурталчлан таниулахын зэрэгцээ үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч өвөг дээдсийнхээ аугаа их түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол түмний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдлэх болон Монгол үндэстний их түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан.

Мөн 2024 онд Төрийн тахилгат Хан Хэнтий уулын их шүтээн оргил Бурхан халдун хайрхан, Их Эзэн Чингис хааны онгон шүтээнийг сүслэн дээдлэх зорилгоор Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханд “Хүндэтгэлийн цогцолбор” бүтээх тухай зарлиг гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Түүнчлэн “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн цагаан сараар хүн төрөлхтний суут хүмүүн, монголчууд бидний эрхэм дээд Их Эзэн Чингис хааны алтан шүтээнийг бүтээж, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт “Чингис хаан” үндэсний музейн Их хааны өргөөнд ёслол төгөлдөр хүндэтгэн залсан билээ.

Энэхүү бүтээл нь монгол дархны билиг ухаанд тунгаагдан, урын сайнаар бүтээгдсэн хосгүй гайхамшигт өв, монголчууд бидний өнө мөнхийн эрхэм дээд шүтээн юм.

Их Монгол Улс, Их Эзэн Чингис хааны үнэт өв, хосгүй соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой төрийн тэргүүний дээрх санал санаачилга, бүтээн байгуулалтыг монгол дархан, урлаачид Та бүхэн бүх талаар дэмжиж, чинхүү сэтгэлээр хамтран ажиллаж байгаад гүн талархал илэрхийлье.

Энэ ташрамд энэ жилийн үндэсний баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уран дархан – Өв соёл” нэртэй үзэсгэлэн зохион байгуулж, Та бүхний шилдэг бүтээлүүдийг ард иргэддээ болон гадаадын зочид гийчдэд сурталчлан таниулах болно.

Эрхэм хүндэт уран дархчууд, урлаачид аа,

Та бүхний авьяас чадвар, ур ухаан шингэсэн бүтээлүүд монголчууд бидний гоо зүйн мэдрэмжийг сэргээж, түүх соёл, өв уламжлал, ёс заншлаараа бахархах омогшлыг төрүүлж, оюун санааны нэгдмэл байдлыг бататган бэхжүүлдэг билээ.

Тиймээс монгол уран дархны урлалыг соёлын бүтээлч үйлдвэрлэл болгон хөгжүүлснээр аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

Уран дархан, урлаачдын уламжлалт мэдлэг, арга ухааныг хадгалан хамгаалж, өвлүүлэн хөгжүүлэхэд төр, засгийн бодлого чиглэгдэх учиртай.

Тиймээс Та бүхэн өнөөдрийн энэхүү чуулганаар салбарын өмнө тулгамдсан асуудлаа шүүн хэлэлцэж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлон, салбарынхаа хөгжил дэвшлийн талаар ажил хэрэгч санал, санаачилга гарган бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна.

Ялангуяа, энэ салбарын эрх зүй, бизнесийн орчныг олон улсын стандарт, дүрэм журамд нийцүүлэн сайжруулах, санхүүжилт, худалдан авалтын тогтолцоог боловсронгуй болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлд энэ салбарын гүйцэтгэх үүрэг, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, экспорт, аялал жуулчлалын зах зээлийг тэлэх зэрэг гарц шийдлийг хамтдаа тодорхойлж, ахиц дэвшил гаргах учиртай.

Түүнчлэн монгол дархан, урлаачдын ирээдүй болсон залуу үе, мэргэжлийн боловсон хүчнийг үе шаттай бэлтгэх, давтан сургах тогтолцоог улам боловсронгуй болгож сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Үүнд холбогдох яам, төрийн байгууллагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна.

Мөн энэхүү уран дархан, урлаачдын үндэсний чуулганыг дөрвөн жил тутам уламжлал болгон зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзэж байна.

Ухаант өвөг дээдсийнхээ уран дархны ур ухааныг өвлөж, үр хойчдоо уламжлуулж, улс орныхоо түүх, өв соёлыг дархлан бүтээж буй монгол дархан, урлаачид Та бүхний алдар хүнд мандан бадарч, үйл нь уран, хараа хурц, дөш нь дуутай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

“Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулганыг Монголын уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хамтран зохион байгуулж байна.


Холбоотой мэдээ

“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно
Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгов

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгов
10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина
Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хөдөө аж ахуйн салбарт иж бүрэн түншилнэ
ЗГ: Эрчим хүчний зарим компанийг нэгтгэлээ
ЗГ: "Алт-3" аяныг хэрэгжүүлнэ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа
“Хүрээ цам -даншиг наадам 2025” гадаад бөхчүүд барилдахаар бүртгүүллээ
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
Т.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүлж цанг цохилоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он